“Гурван Бухат Групп” Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн 25 жилийн ойн арга хэмжээг дэмжин ажиллалаа

Монгол Улсад 25 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, асрамж, дэмжлэг шаардлагатай нэг сая хүүхдэд хайр, энэрлээ хүргэсэн Кристина Ноблийн Хүүхдийн Сан–гийн ойн арга хэмжээг “Хүүхдийн төлөө барилга” уриалга, зорилгынхоо хүрээнд Гурван Бухат Групп дэмжин ажиллалаа.
“Кристина Ноблийн Хүүхдийн Сан” нь 1997 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд халамж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд үнэт хувь нэмэр оруулж ирсэн билээ. Үүний үр дүнд ядуу, хүндрэлтэй нөхцөлд байсан олон мянган хүүхэд орон гэртэй болж, боловсрол эзэмшиж, цаашлаад олон улсын боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдан, хайр халамжаар дүүрэн өсөж, торниж байна.
Мөн тус сан олон мянган гэр бүлийн амьдралыг сайжруулахын төлөө, тэдний мөрөөдлийг биелүүлэхэд чин сэтгэлээсээ, тууштай ажиллаж ирсэн билээ. Сангийн тэргүүн Кристина хатагтайн хэлсэнчлэн:
“Анх ирэхдээ жижигхэн зүрх нь шархтай шувуухай мэт байсан хүүхдүүд өнөөдөр хүчирхэг, биеэ даасан бүргэд мэт болж өсөж байгаа нь бидний хамгийн том сэтгэл ханамж юм.”
Эдгээр үгс нь сангийн Монголын нийгэмд үзүүлж буй үнэлж баршгүй нөлөө, хүүхдүүдийн ирээдүйд өгч буй гэрэл итгэлийг илэрхийлж байна.
Гурван Бухат Групп нь 2009 оноос хойш үйл ажиллагаагаа явуулахдаа “Хүүхдийн төлөө барилга” зорилгоо хэрэгжүүлж, бүх төслүүддээ хүүхдийн тоглоомын талбай, нарлах, салхилах хэсэг, спортын талбай зэргийг төлөвлөн шийдэж ирсэн. Мөн хүүхдийн боловсрол, төлөвшилд шаардлагатай аюулгүй, эерэг орчныг бүрдүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

2025-12-07 14:23